Эрхэм блог сонирхон уншигчиддаа энэ өдрийн амрыг айлтгая. Манай төсөл батерейн зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах талын олон талын үйл ажиллагааг эхлүүлээд бараг сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид нар Монголд батерейны талаар санаа зовж явдаг цөөн хэдэн хүний нэг гэж өөрсдийгөө бодож явсан маань эндүүрэл гэдгийг саяхан интернэтээс олж мэдлээ. Цаг төр сэтгүүлийн цахим хуудсан дээр 2009 оны 9-р сарын 15-нд Д.Бадамцэрэн гэдэг хүн батерейн талаар сонирхолтой нийтлэл бичсэн байна. Үүнээс харахад Монголд маань батерейны талаар санаа зовж, бодож явдаг олон хүн байгаа бололтой. Гагцхүү энэ тал дээр бодит үйл ажиллагаа дутаж байсныг нь манай төслийн баг эхлүүлж ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. Та бүхэн энэхүү нийтлэлийг сонирхон уншина уу."Хуруун чинээ биетэй ч хор хөнөөл ихтэй" гэдэг нэгэн шинэ оньсого зохиомоор санагдлаа. Юун тухай бодож байгаад ийм оньсого зохиосныг минь та лав гадарласан байх.
Цаг, тооны машин, гар чийдэн, хөгжим, микрофон, бүр хүүхдийн тоглоом хүртэл “батарей зүрхтэй”. Тэдний зүрх биднийхээс ялгаатай нь маш богино настай.
Үлгэрт хон хэрээ бурхан, чөтгөр хоёуланд нь зүтгэдэг шиг энэ зүрх ч сайн, муу хоёр талтай. Шинэхэн даруйдаа түүн шиг хэрэгтэй нь үгүй. Гэвч эзэндээ хэсэг үнэнчээр зүтгэсний эцэст тэр харын тал руу урваж эхэлнэ дээ. Энэ үед эзэн нь зүгээр л хаячихвал жинхэнэ “хорлон сүйтгэгч” болох нь тэр.
Үнэндээ би ч зайны хор уршгийн талаар огт мэддэггүй байсан. Хэдэн жилийн өмнө аяллаар явж байхдаа Монголын тал нутаг, уул ус, унаган байгалийн сайхныг үнэн сэтгэлээсээ шагшин магтдаг нэгэн Герман хүнтэй танилцсан юм. Түүнийг Каспер гэнэ. Хачирхалтай нь тэрээр аяллынхаа турш хэрэглэж дууссан зайнуудаа хаялгүй гялгар уутанд хийгээд цүнхэлчихдэг байлаа. Энэ зайгаар яадаг байна аа гэж дотроо ёжлонгуй боддог байснаа нэг удаа тэсэлгүй:
- Та одоо энэ хуучин зайнуудыг арай буцаагаад авч явах гэж байгаа юм биш биз? гээд асуугаад тавьчихлаа. Харин Каспер:
- Тэгэхээс дээ. Хэд хоног Монгол орноор зугаалж, сэтгэлийн таашаал авчихаад эцэст нь хаа хамаагүй хаяж та нарыг, энэ сайхан байгалийг хордуулаад яахав дээ гэсэн юм.
Үүнээс үүдээд энэ бяцхан “дайсны” талаар доорх мэдээллийг бэлтгэлээ.
Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед хүн төрөлхтөн түүнгүйгээр ажил амьдралаа урагшлуулах аргагүй болсон нь яах аргагүй үнэн. Бүр нялх хүүхэд хүртэл батарей хэрэглэгч. Гэхдээ ашиг тустай гээд байгаа тэр жижигхэн зүйл биедээ багтаж ядсан хор уршиг агуулж байдгийг та бид хэр сайн мэдэх билээ? Бидний дунд дууссан зайг чийгтэй газар булах, эсвэл хазахаар сэргэж цэнэглэгддэг гэсэн ойлголт байдаг. Дууссан зайг ингэж дахин ашигладаг нь ч бий.
Гэтэл хазахад битгий хэл зүгээр хогийн саванд ил хэвтэж байхдаа ч тэр биднийг хордуулдаг байна. Байгаль орчин бохирдуулж байгаа бүх төрлийн хог хаягдал дотроос ус, хөрс, агаар, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй нь хугацаа нь дууссан батарей аж.
Учир нь зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг байна.
Тэгэхээр тэрхүү олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг байна. Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг гээд бодохоор аймаар байгаа биз. Мөн түүнчлэн хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг. Мөн хорт хавдар, уушигны өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг ажээ.
Ер нь манайхаас бусад орон энэ тал дээр ихээхэн анхаардаг. Германд 1998 оны 10 сараас хүмүүс зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, хэрэглэж дууссан зайгаа дэлгүүрүүдэд буцаан аваачиж өгдөг заншил тогтсон байна. Зайнуудаас дахин ашиглаж болохуйц материалаар хийгдсэнийг нь үйлдвэрт илгээж, боломжгүйг нь албан ёсоор устгадаг гэнэ.
Туркийн хэд хэдэн томоохон хотын захиргаанаас хаягдал зай цуглуулах аян сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнүүлж байна.
Гэхдээ зайны хор уршгаас өөрийгөө, үр хүүхдээ, эх дэлхийгээ хамгаалах боломж бидэнд байхгүй биш, байна. Механик цаг, нарны энергиэр ажилладаг зүйлс хэрэглэж болно. Зайлшгүй зай хэрэглэх шаардлагатай бол хор нөлөө бага (химийн элементүүдийн агууламж бага)-тай, цэнэглээд дахин ашиглах боломжтойг нь сонгох хэрэгтэй. Эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ. Нэг удаагийн зай хэрэглээд дууслаа л бол хогийн сав руу шиддэг. Харин цэнэглээд дахин хэрэглэдгийг нь хэн ч хаяхгүй. Ямар ч зайг дуусчихлаа гээд ил задгай, ялангуяа гэрийнхээ хогийн саванд хаяж болохгүй. Дор хаяж дууссан зайгаа ил задгай хаялгүй тусгай битүү уут хайрцагт хийн хаяж байвал нэгэн нартай өдөр “дарга нар” хаягдал зайг байгаль, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй болгон устгах талаар эрхбиш нэг юм бодно биз. Хэрэглэгч та зай авахаар шийдсэн бол гаднах хайрцаг, зайн дээрх зааврыг сайтар анхаарах хэрэгтэй. Эндээс та зөвхөн үйлдвэрлэсэн он сар төдийгүй багтаамж, цэнэглэж болдог, болдоггүйг нь мэдэж болно.
Жишээ нь: “Ni-MH” ба “Rechargeable” гэж бичээстэй байвал никель, металл, устөрөгчийн бүтэцтэй, цэнэглэж болдог, 750 mah гэж байвал 10 цагийн турш 75 mil ампер цаг-ийн хүчин чадалтай гэсэн үг. Мөн хэрэглэх заавар, байгаль орчинд ямар хор хөнөөл учруулж болох талаар ч тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн
- тэмдэгт нь зайг дахин ашиглаж болох материалаар хийгдсэнийг илтгэдэг бол, - тэмдэглэгээ нь жирийн хогийн саванд хамаагүй хаяж болохгүйг анхааруулна. Зай хэзээ бий болсон бэ?
Магадгүй та итгэхгүй байх. Хамгийн анхны зай МЭӨ 250 онд буюу Персийн хаант улсын хаанчлалын үед Багдадад үүсчээ. Энэ үеийн зай нь төмөр, зэсний тусламжтайгаар цахилгаан гүйдэл үүсгэдэг байжээ. Харин өнөөдрийн бидний хэрэглэж заншсан орчин үеийн зайны анхдагч загварыг Манай он тооллын 1800 онд Италийн эрдэмтэн Александр Вольт зохион бүтээжээ. Энэ үеэс эхлэн зайны олон төрөл загвар үүсч эхэлсэн. 1860 онд Georges Leclanche гэдэг хүн нэг удаагийн зай буюу бидний мэдэхээр гар чийдэнгийн зайг зохион бүтээсэн нь тухайн үедээ маш их амжилт олж байв.
Эх сурвалж: "Цаг төр" цахим хуудас -аас
Сонирхон уншсан та бүхэнд баярлалаа.
"Battery-3R" төсөл
2 comments:
Сайн уу. Энэ нийтлэл үнэхээр таалагдлаа. Хүмүүст энэ талын мэдээллийг илүү түлхүү хүргэхийг хүсмээр байна. Над шиг баттерейн талаар мэдлэг муутай олон хүн байгаа гэж бодож байна. Та нараас батерейг яаж устгадаг талаар мэдээлэл оруулахыг хүсэж байна. Батдорж
Batdorjoo, chinii huseltiin daguu oiriin hugatsaand medeelel oruulahiig hicheenee) Tnx a lot for your interest and your comment!
Post a Comment