Tuesday, April 19, 2011

Батерейг зөв хэрэглэе, байгалиа хамгаалъя уриан дор явуулж буй сургалт

Монгол оронд тулгамдаад буй байгаль орчны олон асуудлыг шийдвэрлэхэд нийгэмд тэргүүлэх байр суурь бүхий залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн удирдан манлайлах чадварыг дээшлүүлэх зорилгоор "Зориг сан"-гаас санаачлан "Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр"-ийг анхлан зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой мөнгөн ус, кадми, хар тугалга, никель зэрэг хүнд металлиудыг агуулж байдаг батерейны талаар олон нийтэд цогц мэдээ мэдээлэл түгээх, тэр дундаа батерейг хэрхэн зөв сонгох, ашиглах, хаяж, устгах талын мэдээллийг хүргэж, энэ талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой "Battery-3R" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа болно.

Төслийн хүрээнд ЕБС-ыны сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын байгаль орчин, экологийн мэдлэгийг дээшлүүлэх, тэр дундаа батерейны зөв сонголт, хэрэглээ, устгал болон дахин боловсруулалттай холбоотой мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд анхны сургалтыг 2011 оны 04-р сарын 20-ны өдөр "Шинэ Монгол" дунд сургуулийн дээр зохион байгуулах гэж байна. Уг сургалтыг зохион байгуулах ажлыг тус сургуулийн захиргаанаас дэмжиж, байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг, нийгмийн хариуцлага өндөр "GP batteries" брэнд ивээн тэтгэж, зохих дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа болно.

Байгаль орчноо хамгаалах нэгдмэл нэг зорилтын дор хамтран ажиллацгаая !
"Battery-3R" төсөл

0 comments:

Post a Comment