Monday, May 2, 2011

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутнууд батерейны сонголт, хэрэглээндээ анхаарч эхэллээ

Амьдралын ухаан, байгаль орчны тэргүүлэх чиглэлээр шинжлэх ухаан, сургалтыг үйлдвэрлэл, бизнестэй хосолсон бүс нутгийн манлайлах их сургууль болоход оршино. Энэ бол Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эрхэм зорилго юм.
Бид нар батерейны зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулалттай холбоотой мэдээллийг түгээх сургалт ХААИС дээр явууллаа. Сургалтынхаа тухай мэдээллийг хүргэхээсээ өмнө тус сургуулийн хэтийн зорилтын талаар мэдээллийг орууллаа. Яагаад гэхээр хэрэв энэхүү хэтийн зорилт төлөвлөснийхөө дагуу биелэгдвэл Монгол улсын хэмжээнд жишиг болохуйц сургууль гарч ирнэ. Энэ зорилт бол "Хаан-кампус" хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН болон НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН үйл ажиллагааг 2010-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, нэр бүхий 21 хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол улсынхаа хаана амьдарч, ажиллаж байгаагаас үл хамааран боловсрол эзэмших тэгш боломжийг хүн бүрт бий болгох зорилгоор Е-сургалт-ыг хэрэгжүүлэх, дэлхийн шилдэг "Нээлттэй их сургууль" болох, өөрийн бий болгосон шинэ мэдлэг, бүтээгдэхүүнийг экспортлох замаар сургалтын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр үр ашигтайгаар хангах тогтолцоог бий болгох үүднээс "Дэлхийн дээд боловсрол-ХААИС-д", "Дээд боловсролын экспорт-Нээлттэй их сургууль", "Цахим их сургууль", "Шавь сургалт-оюуны капитал", "Багшийн хөгжил", "Оюутны хөгжил" зэрэг 21 дэд хөтөлбөр бүхий "ХААН КАМПУС" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Сургалтыг ХААИС-ын урлагийн зааланд зохион байгуулсан ба сургалтанд Байгалийн Ухааны Сургууль, Экологи Технологи Хөгжлийн Сургуулийн 350 гаруй оюутнууд хамрагдсан. Сургалтаа оюутнуудын анхаарлыг татах зорилгоор эхлээд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол гэсэн дэлхий нийтээр анхаарал хандуулж буй сэдвээр эхлэн явуулсан. Энэ сэдвийнхээ хүрээнд оюутнуудад хэд хэдэн видео бичлэг үзүүлсэн. Жишээ болгож доорхи видео бичлэгийг орууллаа.

Сургалтаар дамжуулан оюутнуудад батерейн зөв сонголт, хэрэглээ, дахин боловсруулалт, зөв хаяж устгах талаар мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр GP batteries брэндтэй хамтран явуулж буй хогийн сав тарааж, хэрэглэж дууссан батерей цуглуулах ажлынхаа хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад хогийн сав тарааж, тэдгээрийн оюутнуудын дунд аль анги хамгийн олон дууссан батерей цуглуулах вэ гэсэн жижиг хэмжээний уралдаан зохиохоор болсон. Шалгарсан анги хамт олонд хэрэглэж дууссан тодорхой хэмжээний зайг байгаль дээр шууд хаягдахаас сэргийлж байгаагийнх нь төлөө урамшуулал олгохоор болсон. Энэ нь оюутнуудын байгаль хамгаалах сэтгэлгээг нь сайжруулах болно.

Сургалтын үеэр оюутнуудад зөв хэрэглэе, байгалиа хамгаалъя гэсэн уриа бүхий балнууд тараасан.




Балан дээр http://battery-3r.blogspot.com гэсэн манай төслийн хөтлөн явуулж буй блогийн хаягийг тавьсан. Ингэснээр блогоороо дамжуулж батерейн зөв сонголт, хэрэглээ, дахин боловсруулалттай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг оюутнуудад хүргэх боломжтой.

Сургалтын үеэр хүүхдүүдийн сонирхон асууж байсан нэг асуулт бол өнөөдөр сэргээгдэх эрчим хүч гэж салхин болон нарны эрчим хүчний талаар дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байна. Энэ технологитой батерей нь салшгүй холбоотой. Тэгэхээр дэлхий нийтээр цахилгааныг салхи болон нарнаас авахаар маш их хэмжээний батерей хэрэгтэй болно. Энэ нь хэсэг хугацааны дараа хэрэглээний нас нь дуусч, хаягдахаар болвол байгаль орчинд их хэмжээний хор хөнөөл учруулах уу, энэ талаар бидэнд мэдээлэл өгөөч гэсэн асуултууд их гарч байсан. Энэ талаар бид нар ихээхэн хэмжээтэйгээр үүссэн тэрхүү дууссан, хэрэглэх боломжгүй болсон батерейг дэлхий нийтээр хэрхэн шийдвэрлэж байгаа талаар хариултыг өгсөн. Бид нар дараа дараагийн блогоороо дамжуулан энэ талын мэдээллийг дэлгэрэнгүй өгөх болно.

Өнөөдөр оюутнууд дэлхийн нийтийн байгаль орчны асуудалд үнэхээр санаа тавьж, энэ талын мэдээллийг цаг тухайд нь олж мэдэж байгаа нь Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутнуудаас харагдаж байсан. Сүүлийн үеийн байгаль орчны асуудлууд, жишээлбэл хог хаягдлын талаар асуулт хариултын тэмцээн явуулахад маш олон оюутнууд зөв хариулж байсанд манай төслийн зүгээс сайшаамаар санагдсан. Тэдний мэдлэгт нэмэр болж энэхүү сургалтыг явуулсандаа манай төслийн баг ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Сургалтын төгсгөлд оюутнуудын зүгээс энэхүү сургалтыг илүү дэлгэрэнгүй байдлаар дахин явуулах, мөн батерейн зөв сонголт, хэрэглээ, дахин боловсруулалт, зөв хаяж устгах, батерейг байгаль дээр ил задгай хаях, буруу хэрэглээнээс үүдэх хор хөнөөлийн талаар жижиг хэмжээний гарын авлага хийж иргэдэд тараавал танай төслийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно гэсэн санал дэвшүүлж байсан.


Энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд ХААИС дээр явуулсан сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, Зориг сан, ХААИС-ийн захиргаа, тус сургуулийн Малын эмнэлзүйн ангийн оюутнууд болон ерөнхий ивээн тэтгэгч GP batteries брэндийн хамт олонд "Battery-3R" төслийн зүгээс тус тус талархал илэрхийлье.

0 comments:

Post a Comment