Thursday, March 31, 2011

Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр - "Battery - 3R" төсөл


“Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийг 8 жил амжилттай хэрэгжүүлж буй Зориг сан 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж “Байгаль орчны Mанлайлагч” хэмээх шинэ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо. Эх орны маань байгалийн баялаг эдийн засгийн хувьд олон таатай нөхцөлийг бидэнд авчирч буй хэдий ч үүнтэй зэрэгцээд өдрөөс өдөрт тулгарч буй байгаль орчны олон асуудалд нийгэмд тэргүүлэх залуусын ухамсар, оролцоо, шийдэл нэн шаардлагатай байна.

Байгаль орчны Манлайлагч Хөтөлбөр нь бизнес, төрийн болон төрийн бус байгууллагад байгаль орчин, экологи, уул уурхайн чиглэлээр ажилладаг эсвэл эдгээр салбарт дур сонирхолтой, нийгмийн идэвхтэй, удирдан манлайлах ба үе тэнгийнхнээсээ суралцах эрмэлзэлтэй залуучуудыг сонгон шалгаруулсан.

Хөтөлбөрийн хүрээнд эдгээр манлайлагч залуучуудад Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлуудын шалтгаан, учирч буй бэрхшээл, шийдлийн талаар тухайн салбартаа мэргэшсэн ажилтан, албан хаагч, судлаач, эрдэмтдийг оролцуулан сургалт зохион байгуулж, оролцогч залуучуудын мэдлэг чадварыг дээшлүүлж байна.

Мөн хөтөлбөрийн нэг чухал үйл ажиллагаа бол оролцогч залуучуудыг 3 баг болгон хувааж, байгаль орчинд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх явдал юм. Энэхүү ажлын хүрээнд манай баг нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой мөнгөн ус, кадми, хар тугалга, никель зэрэг хүнд металлиудыг агуулж байдаг батерейны талаар олон нийтэд цогц мэдээ мэдээлэл түгээх, тэр дундаа батерейг зөв сонгох, ашиглах, хаяж, устгах талын мэдээллийг хүргэж, энэ талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготй "Battery-3R" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа болно.